October 28, 2010

Монгол орны Улаан ном - Монгол Улсын Улаан номонд орсон зарим амьтад..

Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ - Цөөвөр чоно нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Биеийн урт 100 орчим см, сүүл 50см, Африк, Азийн өмнөд хэсэгт байдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Саарал чоноос биеэр бага, тод улаан, шаргал зүстэй, сагсгар сүүлтэй, сүрэглэн явж гөрөөс барьж иддэг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачигийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах Олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. МУ-ын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрах орчин зүйг нь судалж, хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
Умардын халиу /Lutra lutra Linnaeus/ - Умардын халиу нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусарын овогт багтдаг. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг. Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлээс олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтанд орсон. Халх гол, Доод Шишгэдийн голыг халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
Голын халиу /Lutra lutra/ - Махчдын баг, суусарын овог бөгөөд монголд нэг зүйл байдаг. Ус, хуурай газар амьдрах зохилдолгоотой махчин амьтан. Биеийн урт 55-95 см мөч богинохон хурууны салаа арьсаар холбогдсон угаараа бүдүүн хөлтэй. Хүрэн халиун бор зүсмийн өтгөн ноолууртай, тачир үслэг, мөн махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй амьтан юм.
Монгол бөхөн /Saiga tatarica mongolica/ - Монгол бөхөн нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийд нэн ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана. 

Соргог бөхөн /Saiga tatarica tatarica/ - Монгол улсад байгаа нэн ховор амьтан бөгөөд зүүн гарын говьд, Монгол-Алтай нурууны бэлээс урагш, Булган голын хооронд өндөр уул, говиор хэсэгхэн нутагт ХХ зуунаас өмнө олноороо нутагшиж байжээ. Харин түүнээс хойш тоо толгой эрс хорогдон иржээ. 1950-иад онд зөвхөн Хавта, Байтаг уул хавь, Бор цонжийн говьд цөөхөн үзэгдэж байснаа тавиад оны дундаас үзэгдэхгүй болж, 1970-аад оны сүүлчээр Аргалант уулын орчим дөрөвхөн бөхөн байсан бол одоо үзэгдэхээ больжээ.
Хавтгай /Camelus ferus, Przewalskii/ - Хавтгай нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Бие 250-360 орчим см урт, сэрвээгээрэ 180-210 см өндөр. Хоёр бөхт зэрлэг тэмээ. Хавтгай зэгзгэр бие, жижиг бөх, нарийн урт цац, тачир шингэн үс-зогдортой, цайвар зүстэй. Анатоми, амьдралын олон шинжээрээ гэрийн тэмээнээс ялгаатай.
Зэгсний гахай /Sus Scorfa nigripes blanford/ - Зэгсний гахай нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтдаг. Говь цөлийн баянбүрд, талын татам, нуурын эргийн зэгс шагшуурга, бутан ширэнгэ шугуйд байршдаг. Манайд Хар-Ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэнлд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав, Зэрэгийн хөндий,Шаргын говьд тархсан. Зэгсний гахайг улсын бүртгэлд агнадаггүй. Нутгийнхан хувьдаа агнуурын хугацаанд агнахыг зөвшөөрдөг.



Уссурийн Хандгай /Alces alces cameloides milne-Edwards/ - Уссурийн хандгай нь хөхтөн амьтны хос туурайтны баг бугын овогт багтана. Халх, Нөмрөг голуудын савын бургас, монос зэрэг бутан шугуйтай өндөр өтгөн өвс, зэгс бүхий татамд, өвөл хэсэг хэсэг нарс ургасан элсэн довцог, намхан уулс, гүвээ толгод, эдгээрийн хоорондох намаг, нуга бүхий хонхор хөндийд нутагладаг. Халх голын дээд хэсэг Нөмрөг, Дэгээ голуудын савд байнга нутагладаг. Монголд хандгай ангахыг 1953 оноос эхлэн хуулиар хориглон дархалсан. 
Цоохор ирвэс /Uncia uncial/- Махчдын баг, муурын овог бөгөөд биеийн урт нь 110-130 см, сүүлний урт нь 92-105 см, жин нь 20-40 кг, намхан урт биетэй. Хар толбо бүхий хар саарал өнгөтэй. Хэвлийдээ толбогүй. Дундад Ази, Өмнөд Сибирьт, Монгол Алтай, Говийн алтай нуруу, Алтайн өвөр говь, Өмнөговийн зарим уулс хангайн гол нурууны өвөр бие хэсэг, Хөвсгөл нуураын баруун талын өндөр уулсаар тархжээ. Эмэгчин нь жил өнжиж төллөнө. Монголд амьдардаг араатан амьтдын дундаас хамгийн хүчирхэг нь цоохор ирвэс юм. Дэлхий дээр ердөө 3500 орчим цоохор ирвэс байдгаас 1000-1200 нь манай оронд амьдардаг юм. Иймд уг амьтныг хамгаалж үлдэх нь монголчуудын бидний дэлхий нийтийн өмнө хүлээсэн томоохон хариуцлага юм. ЗГ-ын 2005 оны "Ан амьтны эдийн засгийн үнэлгээ"-гээр цоохор ирвэсийн эрийг дөрөв эмийг 5.2 төл буюу гүенг 6.8 сая төгрөгөөр үнэлжээ. Хэрвээ агнасан тохиолдолд энэ төлбөрийг хоёр дахин нугалж төлнө гэж заажээ. Цоохор ирвэсийг байгаль дээр нь харах хувь тохиол хүн бүрт олддоггүй юм. Цоохор ирвэс байснаар тухайн эко систем тогтвортой, эрүүл болохыг илтгэж буй юм. Мөн уг амьтан олон хүний анхаарал татдаг учир түүнийг судлах, хамгаалах зорилготой хүмүүс их байдаг. Ингэснээр уг амьтныг хамгаалах, судалгаа шинжилгээнд зориулсан мөнгө нилээд орж ирдэг. Үүний тодорхой хувийг орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулж байгаа. Нэг ёсондоо олон улсын донор байгууллагын анхаарлыг цоохор ирвэсээр татах том боломжтой.
Хар сүүлт зээр /Gazella subgutturosa guldenstead/ - Хар сүүлт зээр нь хөхтөн амьтны аймгийн нэг туурайтны баг болох тугайлмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат, баглуурт сайр, садарга бүхий дагжуур хөрст хэвгий тал загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг хэсэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Манайд их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, Зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон.
Мазаалай /Ursus pruinosus Blyth/ - Мазаалай нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтдаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичнэ. Монгол нутагт баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн бол одоогийн айдлаар 26 ширхэг байгаа гэсэн мэдээ бий.
Тахь /Equus przewalskii Poliakov/ - Тахь нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, бударганалт говь, загт говьд бэлчдэг. Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэлийн сайр, садарга, толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны Улаан номонд нэр нь орсон. Монгол улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан. 1960-аад оноос эхлэн Монгол нутагт үзэгдэхээ больсон бөгөөд 1990-ээд оноос сайхан сэтгэлт гадна дотны хүмүүсийн санаачлагаар Монгол нутагт дахин нутагшуулсан. Одоогоор Төв аймгийн Хустайн нуруу БЦГ, Говь-Алтай аймгийн Тахийн талд, Завхан аймгийн Хомын талд тахь нутагшуулж судалгаа шинжилгээ хийж байна.
Азийн минж /Castor fiber birulai Serebrennicov/ - Азийн минж нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох минжийн овогт багтдаг. Биеийн урт нь 100 см, жин 30 кг цайвар бор хүрэн зүстэй, сахлаг өтгөн ноолууртай, хайрсаар хучигдсан хавтгай сүүлтэй. Манай орны мэрэгчдээс хамгийн том нь бөгөөд сүүлээрээ ус балбаж чимээ гарган бусдадаа дохио өгнө. Минж одоо дэлхийд зургаахан улсад үлдсэний нэг нь Монгол орон юм.
Монгол хулан

 Монгол хулан /Equus Hemionus Hemionus pallas/ - Монгол хулан нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Хулан хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хоорондоо бие бялдар өнгө зүсээрээ ялимгүй ялгаатай. Тухайлбал: Монгол хулан, Төвд хулан, Туркмен хулан гэж ангилдаг.
Шивэр хандгай /Alcesalces pfizenmayeri/ - Хандгайн төрлийн зүйл, биеийн урт 3 м, сэрвээгээрээ 2.3 м, жин 570 гаруй кг. Европ, Ази , Умард Америкийн ойн бүсэд нутагладаг. Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн тайга, Хангайн нуруу, Халх голын саваар Сибирийн хандгай, буган хандгай гэх 2 салбар зүйл цөөвтөр байдаг. Эр нь салаассан том хавтгай эвэртэй. Хөл, хэвлийн цайвар зүстэй бөгөөд цөөнөөр сүрэглэдэг амьтан юм.
Мөрний хандгай /Alces cameloides/ - Хар мөрний хандгай нь бугын овогтон, нэн ховордсон амьтан юм. Онцог шинж нь шивэр хандгайгаас арай бага. Биеийн урт нь 276 см, сэрвээний өндөр 165 см, хүндийн жин 400 кг, жигд бараан зүсмийн, мөчнүүд нь арай цайвар бөгөөд эвэр нь бугын эвэртэй төстэй, түүний эрийг сүндэс, эмийг манж, төлийг нь ходол гэнэ.
Цаа буга /Pangifer tarandus valentinae/ - Бугын овгийн хос туурайт хөхтөн. Эмийг согоо, эрийг этэр, төлийг хугаш гэнэ. Цаа бугын биеийн урт 220 см, жин 220 кг, согоо нь багавтар. Өвөл цайвар, зун нь хүрэн буурал, богино үстэй, том эвэртэй, толгой багавтар, чих охорхон, Европ, Ази, Америкийн хойд талаар тархсан, Өмнөд Сибирь, Монголын хойд талаар нутагладаг.

1 сэтгэгдэл:

Anonymous said...

таалагдсан гоё амьтад бна

Post a Comment