May 23, 2012

ОУХМ С. Бат-Эрдэнэ Эверестийн оргилд гарсан Монголын гурав дахь уулчинболлоо.

Монголын гурав дахь уулчин дэлхийн дээвэр Эверестийн оргилыг эзэлсэн баяртай мэдээг дөнгөж сая хүлээж авлаа. Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордсон ОУХМ С.Бат-Эрдэнэ багийнхны хамт өнөөдөр өглөө Эверестийн оргилд хүрсэн байна. Энэ тухай товч мэдээллийг С.Бат-Эрдэнийн авиралтын гадаад харилцаа, бэлтгэл ажлыг хариуцан ажилласан “Монголиа Экспедишнс” компанид “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн ширпагаас арваад минутын өмнө утсаар өгсөн байна.
Ширпа багийн авиралтыг амжилттай болсон гээд Монголын уулчин С.Бат-Эрдэнэ Эверестэд гарсныг мэдэгджээ. Манай уулчин “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтан, Канад, Испани, Балбын долоон уулчинтай хамтран Түвдийн талаас авиралтаа эхлүүлсэн юм. Уулчид яг хэдэн цагт оргилд гарсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ирээгүй байгаа бөгөөд оргилоос уруудаж яваа бололтой. Өчигдөр 18.40 цагт авсан мэдээллээр бол уулчдын багийнхан 8200 метрээс өндрийн дайралтаа эхлэхээр бэлтгэж байсан юм.
Орхон аймгийн Уулын спортын холбооны тэргүүн, ОУХМ С.Бат-Эрдэнэ Монгол орныхоо өндөр цаст оргилуудад авирч байсны дээр Японы Фүжи уул, Европ тивийн ноён оргил Эльбрусын оргилд 2010 онд авирч байсан юм. Түүний Эверестийн оргилыг эзлэх түүхэн авиралтыг “Эрдэнэт үйлдвэр” ХК, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цех, “Хангарьд” клуб ажиллажээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр хамгийн анхлан 2005 оны тавдугаар сарын 30-ны өдөр эх орныхоо далбааг Эверестийн оргилд мандуулж байсан бол Гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа 2011 оны тавдугаар сарын 21-нд энэ амжилтыг давтаж байлаа. Тэгвэл 2012 оны тавдугаар сарын 19-ний энэ өдөр Монголын гурав дахь уулчин Дэлхийн зулайд мөрөө тамгаллаа.
Авиралтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид “Монголиа Экспедишнс” компанийн тусламжтайгаар цаг тухайд нь хүргэх болно.

May 3, 2012

Пазырык - Пазырыкчууд гэж хэн бэ?

Пазырыкын шивээст хүний тухай. Төмөр зэвсгийн эхэн үе МЭӨ VII-III зуунд Евразийн тал нутагт бие биетэйгээ адил төстэй нүүдэлчдийн олон соёл оршин байсан Монгол, Байгал нуурын наад бие нутагт дөрвөлжин булштангууд, Тувад уюукчууд, Алтайд Майэмир, пазырыкчууд, Дундад Ази, Казакстанд Сакууд, Минусын хотгорт Тагарчууд, Хар Тэнгис орчимд Скифчууд амьдарч байсан ба эдгээр соёлуудыг багцалж скиф хэлбэрийн соёлууд гэх буюу Скиф-Сибирийн ертөнц гэж нэрлэдэг. Судлаачид Оросын нутаг дэвсгэрт энэ үеийн олон археологийн соёлыг нээн судлаад байгаагаас Минусын хотгорт тагарын соёл, Тувад Аржаны ба уюукийн (саглыний соёл) соёл, Алтайд майэмирийн ба пазырыкийн соёлыг өргөн хүрээтэй судлаж ирлээ. Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох соёлыг пазырыкийн соёл гэж нэрлэнэ.

Пазырыкчууд гэж хэн бэ? - Эртний хятадын түүх сударт нэр нь гардаг юэчжи нар юм гэж судлаачид үздэг. Пазырыкчууд бол хагас нүүдэлчид. Тэд голчлон мал аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд мал аж ахуйгаас гадна газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Мөн гар урлал өндөр хөгжсөн байсан нь пазырык булшнаас гардаг олдворууд, урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европоид төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголоид төрх давамгайлдаг байжээ.

Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь "хаадын булш" ба жирийн иргэдийн булш хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг. "Пазырык" гэдэг үг нь Оросын Алтайд байх нэгэн асар том булшны нэр бөгөөд уг булшийг 1929 онд С.И.Руденко нар малтаж судалсан байна. Үгийн утга нь монголчилбол "булш" гэсэн үг бололтой. Монголын мончок-тува нар булшийг "бажираг" гэж хэлдэг байна. Эрдэмтэд пазырыкийн соёлын он цагийг VII-V, VII-VI, VIII-VI, IX-VI, IX-VII зуун гэхчлэн янз бүрээр тогтоож байгаагаас А.С.Суразаков нарын эрдэмтдийн дэвшүүлсэн санал олонхийн дэмжлэгийг авснаар дараах үеүдэд хуваадаг.

March 4, 2012

Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээнд мөсний авиралт зохион байгууллаа.

Монголд анх удаа  Адал явдалт аялал жуулчлалын MONGOLIA EXPEDITIONS компани, Монголын Уулын хөтөчдийн холбоо хамтран мөсөн хананд авирах уулчдын цугларалт, авиралтыг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Улаан-Цутгалангийн хүрхрээнд 2012 оны 02-р сарын 11-12 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа‎.  Уг авиралтанд Монгол улсын гавъяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй Улаанбаатар, Эрдэнэт хотын нийт 18 уулчин залуус оролцож мөсөн хананд авирах техник, туршлагаасаа хуваалцлаа. Хэдийгээр Монголын уулчид ганц нэгээрээ мөсөн хананд авирч байсан ч энэ удаагийнх уулчид хооронд туршлага солилцох анхны нэгдсэн цугларалт байснаараа онцлогтой. Энэ удаагийн цугларалтанд Улаанбаатар, Эрдэнэт хотын залуус оролцсон ч дараа дараагийн авиралтанд өөр олон газраас залуус ирж оролцох байх гэж бодож байна. Мөсний авиралтыг өндөр уулын мөсөнд авирах, голын хүрхрээний мөсөнд авирах гэж ерөнхийд нь хоёр ангилдаг.  Авиралтын үеэр бид Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээний мөсөн авиралтын зэрэг ангилалыг тогтоолоо. Улаан Цутгалангийн мөсөн хананы өндөр 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5 /water ice/ ангилалд хамааруулж үзлээ. Мөсөн авиралтын ангилал, зэрэглэлийг тогтоосон олон аргууд байдаг бөгөөд Канадын систем нь Монголын нөхцөлд нилээд ойр юм шиг санагдсан. Бид авиралтаа оройн хамгаалалт буюу top rope тавьж  хийлээ. Монголын өвөл их хүйтэн тул мөс маш хатуу, ice axe буюу мөсний сүх цохиход сайн зоогдож өгөхгүй, мөн мөс их бутарамтгай байлаа. Дороос шрупп ашиглан хамгаалалт тавин авирч үзсэн боловч мөсний хөлдөлт их сийрэг, унжиж хөлдсөн тул шрупп сайн тогтож өгөхгүй байсан тул үндсэндээ авиралтыг top rope /орой дээр нь хамгаалалт тавих/ тавьж авирахаар шийдэж авиралтыг хийсэн. Хүрхрээнд авирах авиралтын салхийг Эрдэнэтийн уулчин ОУХМ С. Бат-Эрдэнэ эхлүүлж дараагаар нь залуу уулчид авиралтыг хийсэн. Мөн Эрдэнэт хотоос ирсэн залуу уулчин Отгоо гэх бүсгүй Улаан Цутгалангийн мөсөнд авирсан анхны эмэгтэй болсон. Авиралтын үеэр мөн мөсөнд авирах тэмцээн зохион байгуулж аваргаа шалгарууллаа. Тэмцээнд нийт баг оролцсоноос Улаанбаатар хотын Г. Жангар ахлагчтай баг түрүүлж шилжин явах цомыг гардан авлаа.  Сүүлийн жилүүдэд Монгол улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нилээдгүй олон санаачлага гаргаж буй бөгөөд бид энэ авиралтыг хийснээр Монголын аялал жуулчлалд нэн шинэ болох нэгэн бүтээгдэхүүнийг бий болгох нэгэн санаачлагыг гаргалаа. Энэ тал дээр Mongolia Expeditions компани гадаад дотоодын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна.  Монгол улсад мөсний авиралтыг Улаан Цутгалангийн, Рашаантын, Бага Түргэний, Гоожуурын хүрхрээнд зохион байгуулах боломжтойгоос гадна Говь Гурван Сайхан уулын Мухар Шивэртийн амны мөсөнд авиралт хийж болох юм. хэрэв та бүхэн өөр мөсөн хана тогтдог газар орон байвал бидэнд газар орны мэдээллийг хуваалцаарай. Монголын өндөр уулын бүсэд Алтай Таван Богд, Хархираа Түргэний уулс, Асгат Түргэний уулсад хавар 3-5 сарын хооронд авиралт хийхэд салхины нөлөөгөөр маш их мөстөлт тогтсон байдаг. Иймд оргилыг эзлэхэд уулчнаас  мөсөнд авирах техник ур чадварыг шаардана. Ялангуяа Алтай Таван Богд уулын Цагаан Суварга оргил, Хархираа Түргэний уулын Цагаан Дэглий оргил нь уулчдаас мөсөнд авирах техник чадварыг шалгасан оргилууд болно. Монголд мөсний авиралтыг хөгжүүлэх боломж өндөртэй үүнд Монголын урт өвөл  хамгийн чухал нөлөөг үзүүлнэ. Нэг санаа хэлэхэд Монголд 10-р сарын сүүлээс 4-р сарын эхэн хүртэлх хугацаанд хиймэл мөсөн ханыг Улаанбаатар хотын төвд Хүүхдийн паркад эсвэл SKY RESORT цанын баазад  байгуулаад, түүндээ мөсний авиралтыг зохион байгуулбал хүүхэд залуус олноор сонирхож, чөлөөт цагаа өнгөрүүлэх өвөрмөц шинэ стил бий болгон хөгжүүлж болох юм. АНУ, АНГЛИ, КАНАД зэрэг улс орнуудад ийм жишээ бэлхэн байдаг. Эхний цугларалт авиралтын үеэр ажиглаж байхад Монголд энэ авиралтыг зохион байгуулах, зааж сургах багш, дасгалжуулагч гэх мэт хүний нөөц нь бэлэн байгаа нь харагдсан. Авиралтын багаж хэрэгсэлээр бага зэрэг дутмаг байсан ч энэ бол шийдэж болох асуудал. Хамгийн гол нь мөсөн хана барих, гэхдээ энэ нь тийм ч их хөрөнгө шаардагдах зүйл биш. Хэдийгээр дээр өгүүлсэн газар орнуудад очоод авирч болох ч Улаанбаатараас их хол тул хөрөнгө мөнгө их орно, тэгээд ч олныг хамарсан ажил болж чадахгүй. Мөсөнд авирах спортыг Монголд хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор MONGOLIA EXPEDITIONS компани, Монголын Уулын хөтөчдийн холбоо хамтран мөсөн авиралтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо. Бидний энэ удаагийн авиралтыг ивээн тэтгэж оролцсон MCS COCA COLA-гийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ авиралтын  санал бодлоо солилцох, цаашид зохион байгуулагдах аялалд оролцохыг хүсвэл бидэнд хандаарай. Info@mongolia-expeditions.com

January 25, 2012

ХЭРЛЭН БАР ХОТ

Улаанбаатараас Чойбалсан орох замд (Чойбалсан хотоос баруун тийш 12 орчим км газар) машин замын урд зах дээр тоосгоор барьсан өндөр суврага алсаас сүндэрлэн харагдана. Суврагын дэргэд явж очиход хэрэм бүхий хотын ор байна. Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м, урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузуаан нь 3-3,5м байна. Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ. Хэрлэн бар хотыг 1955 онд бага зэрэг малтаж шинжилсэн байна. Шинжилгээний ажлыг их хэрмийн дотор байгаа чулуун хэрэм бүхий дөрвөн барилгад зориулсан байв. Бас нэг суврагын орыг мөн малтаж шинжилжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь чулуун хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ. Сүмүүдийн дотроос олон төрлийн хээ угалзаас гадна хүн мал болон луу, зээбад зэрэг юмсын дүрс олон гарчээ. Хэрлэн Бар хот нь 10-11 дүгээр зууны үед байсан Кидан улсаас тус улсын нутагт байгуулсан олон хотын нэг бөгөөд Кидан улсад Бүддийн шашин их дэлгэрч олон лам нар бүхий сүм хийдүүдтэй байсан гэж түүхийн тулгар бичгүүдэд гардгийг батлаж байна. Дээр дуррдсан хот ба сүмийг 1731 онд монголоор явсан хятад жуулчин Гүн-чжи-яо (Хоу-чу-сай-лу) үзэж тэмдэглэсэн байна. Түүний суврага, сүмийн тухай үгүүлсэн зүйлийг малтлагаас гарсан дурсгалууд баталж байна. Киданы энэ хотын суурь түүхчдийн сонирхолыг ихээхэн татах чухал нэг дурсгал тул улсаас эрхэмлэн хамгаалж байдаг болно. гэсэн энэ баримтыг 1959 онд бичиж үлдээсэн нь Шинжлэх Ухааны Академийн хөмрөгт хадгалагдаж байна. GPS солибцол. N 48°3'17.2" E113°21'51.6"

January 15, 2012

Дарийн утаа - Мэргэн бууч аялал амжилттай болж өнгөрлөө.

Дарийн утаа - Мэргэн бууч аялал 1-р сарын 14-ний өдөр Таван Толгой дахь цэргийн сургалтын төв дээр амжиллтай болж өнгөрлөө. 
Та хэр мэргэн бууч вэ? Буудлагын зэвсгээр буудаж үзсэн үү?
Бид та бүхэнд Монголын Зэвсэгт Хүчний зэвсэглэлд байгаа ПМ, АКМ, СВД зэрэг буудлагын зэвсгээр зориулалтын буудлагын талбайд, мэргэжлийн зааварлагч нарын удирдлага дор байлдааны буудлага хийх боломжийг олгож байна. Та бүхэн сонирхвол энэ аялалд өргөнөөр оролцоорой.
Аяллын хөтөлбөр:
Өглөө 10 цагт Баянгол Зочид буудлын "Б" байрны урд талбай дээрээс Таван Толгойн цэргийн сургалтын төвийн зүг хөдлөх, 55 км явна. Таван Толгойн буудлагын талбай дээр ирнэ. Буудлагын зэвсгээр хэрхэн буудах талаар зааварлагч офицер зааварчилгаа өгнө. Офицерын хувийн зэвсэг болох Пистолет Макаров ПМ - 3 сум 25 метрт байрлах цээжин бай буудах, АКМ буюу Автомат Калашниковоор 3 сум, мэргэн буучийн винтов СВД -гээр 3 сум буудна. Цэргийн өдрийн хоол иднэ. Буудлагын бусад зэвсэгтэй танилцаж, зургаа татуулах боломжтой.

Тухайн өдрийн цаг агаарын мэдээллийг эндээс үзнэ үү. http://www.tsag-agaar.mn/

January 11, 2012

Хөөмэй - Хөөмийн аялгуу

Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэгэн төрөл юм. Хөөмий нь маш эртнээс бий болсон гэдэг боловч одоог хүртэл үүссэн хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмий бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадан энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ. Тийм учраас хөөмий нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ. Монгол хөөмий монгол газар нутагт өөрийн онцлогийг хадгалан хөгжиж, төрөл зүйлийн хувьд ч хамгийн баялаг болжээ. Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг ажээ. Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт: Аялан исгэрэх урлаг, амаар таших дэлдэх урлаг, хөөмэйлэх урлаг, цуурдах урлаг, аман хуурын урлаг эдгээр таван зүйлийн урлагийгхамруулан хэлэлцэж болно.

January 9, 2012

Цас мөсний баярууд эхэлж байна.

Мөнгөн өвлийн улирлыг гэсэн хүн болгон хүсэн хүлээдэг. Цан хүүрэг татсан өвлийн улирлыг цас мөсөөр хийсэн гайхалтай хотхонууд чимдэг. Дэлхийн олон оронд цас мөсний баярыг зохион байгуулж, өвлийн урт улирлыг хөгжилтэйгээр өнгөрүүлэх боломжийг хүн арддаа бий болгож байдаг. Манай улсын аялал жуулчлалын салбарынхан ч энэ тал дээр анхаарч Үзэсгэлэнт Хөвсгөл нуурын эрэг дээр энэ оны 3-р Сарын 2-ноос 5-ны хооронд Мөсний баярыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүнээс гадна Мөнгөн Өвөл нэртэй дугуйн аяллыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр зохион байгуулж байна. Энэ талын мэдээллийг http://www.facebook.com/groups/mongolayalagch/ линкээр орж авч болно. 
Мөсний баярыг хамгийн томоор, цогц арга хэмжээ болгож зохион байгуулдаг өмнөд хөршийн зүүн хойд хэсэгт байрлах Харбины цас мөсний баярын албан ёсны нээлт нэгдүгээр сарын 5-ны өдөр эхэлж байгаа бөгөөд энэ арга хэмжээ хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Харбины цас мөсний байр 10 жилийн өмнөөс зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ баярыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирэх жуулчдын тоо хэдэн зуун мянгаар тоологдох билээ. Энэ жил тус хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мөс цасаар хийсэн аварга том байгууламжууд, баримлууд олноор баригдсан ба шөнөдөө мөсөн хотхонууд өнгө өнгөөр гэрэлтэж үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Мөн энэ жилийн хувьд онцлохоор мөсөн баримлууд гэвэл алдарт зураач И.Е.Репины "Ижил мөрний барлагууд", Хятадын цагаан хэрэмний хуулбарыг цас мөсөөр хийсэн байгаа гэнэ. Энэ гайхамшигт цас мөсөн урлалын баярыг үзэхийг хүсвэл http://www.mongolayalagch.com/154/%D0%A5%D0%B0%D1%80%D0%B1%D0%B8%D0%BD%D1%8B_%D0%BC%D3%A9%D1%81%D3%A9%D0%BD_%D1%83%D1%80%D0%BB%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD_%D0%B3%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3%D1%82_%D0%B0%D1%8F%D0%BB%D0%B0%D0%BB.more энэ линкээр орж аяллын мэдээллийг авч болно.

2012 оны анхны дугуйн аялал амжилттай болж өнгөрлөө.

Winter biking in Mongolia
Мөнгөн Өвөл - III дугуйн аялал 1-р сарын 7-ны өдөр болж дугуйчид маань цас мөстэй зам дээр 20 км замыг амжилттай тууллаа. Туул голын мөсөн дээгүүр халиа гүйж замын ихэнхи хэсгийг мөсөн дээгүүр явж тууллаа. Дугуйчдын олонхи нь анх удаа мөсөн дээгүүр дугуйгаар явж үзсэн бөгөөд энэ нь тэдэнд нилээн туршлага суулгасан дугуйн аялал боллоо. Энэ өдрийн аялал эхлэх өглөө -29 хэмийн хүйтэн байсан боловч биднийг дугуйн аялал эхлэх цэг дээр ирэхэд хүйтний эрч суларч -20 хэм болсон бөгөөд дугуйн аялал эхлээд цаг гаран болсны дараа -16 хэм болсон нь дугуй унахад их таатай байлаа. Эхний 7 км замыг туулаад цайны амралт авч халуун аарц ууж амраад цааш явлаа. Өдрийн хоолны цэг хүртэл 9 км замын ихэнхи хэсгийг голын мөсөн дээгүүр явлаа. Замд харзны усанд орж буй хүмүүс, голын мөс цоолон загас барьж буй хүмүүстэй тааралдав. Өдрийн хоол идэж, түүдэг гал асаан амрав. Хоолны дараагаар замын үлдсэн хэсэг болох 4 км замыг дугуйгаар туулж дуусгаад машиндаа сууж Улаанбаатар хотын зүг хөдөлснөөр энэ өдрийн аялал дууслаа.
Зурагчин Ганбаярын авсан зурагнуудыг энэ линкээр орж татаж аваарай, Залуусаа. Цаг заваа гарган хүйтнийг ажралгүй дугуйн аялалд оролцсон та бүхэнд БАЯРЛАЛАА.
http://share.gogo.mn/TGBNrGzE8A47581325954778/Duguin Ayalal.zip